Like дарж манай сайтыг дэмжээрэй :)

Д. Оюунзул: Сэтгэл доторх нарийн нандиныг өөрөөс чинь өөр хэн ч мэдэрч, ойлгохгүй шүү дээ.


Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. "Элит” театр болох "Black Box”-н нүүр царай гэх тодотголтой таныг сүүлд "Гэрлэн дохио” уран сайхны кинонд харлаа. Аальгүй хүүхний дүр бүтээсэн нь  олны их анхаарлыг татаж, түүнийхээ хэрээр багагүй хэл аманд ч өртөх шиг боллоо. Энэ уран бүтээлд тоглосон сэтгэгдлээсээ хуваалцаач..
Сайн, сайн байна уу? Тэр кинонд жүжигчин мэргэжилтэй Монголын залуу бүсгүйчүүд бараг бүгд тоглосон байх аа. Гэхдээ би өөрөө үзээгүй. \инээв\ Хүмүүст таалагдсан бол баяртай л  байна. Театрт жүжиг тоглодог хүн инээдмийн кинонд тоглож болохгүй гэсэн зүйл байхгүй шүү дээ. 

Ер нь уран бүтээлч хүнийхээ хувьд, эмэгтэй хүнийхээ хувьд өөртөө ямар шаардлагыг тавьдаг вэ?
Үнэ цэнэтэй байх. Өөртөө хайртай байх.

Оюунзул гэдэг хүн өөрийгөө яг ямар хүн гэж хардаг юм бэ?
Би их хүчтэй, бас эмзэг хүн. "Би яаж өөрийгөө мэдэх вэ дээ? Манай найз нөхөд, эргэн тойрны хүмүүсээс асуу” гэх яриатай би санал нэгддэггүй. Сэтгэл доторх нарийн нандиныг өөрөөс чинь өөр хэн ч мэдэрч, ойлгохгүй шүү дээ.

Шашны талаар ямар үзэл бодолтой байдаг вэ?
Хүн ер нь аливаад итгэл үнэмшилтэй, айдаг ичдэг юмтай байх нь зөв гэж боддог. 

Та шашин шүтдэг үү?
Бага байхдаа эмээгийндээ өссөн болохоор буддын шашинд бол элэгтэйЭх болсон газар шороо, ээж аав, мөнх хөх тэнгэр, алтан нараа шүтдэг. 

- Гэр бүлийнхээ тухай яриач? 
Их сайн хүмүүс байдаг. Би тэднээр бахархдаг. 

Ээж, аавынхаа тухайд?
Сурагч байхад, оюутан байхад хүүхдүүд хичээлээ тараад оройтвол "Яана аа. Ээж, аав загнана” гэдэг дээ. Харин надад ерөөсөө тийм юм байдаггүй шд \инээв\. Манай ээж, аав намайг угаасаа загнадаггүй байсан. Байсан гэж хэлээд байгаа нь манай аав л даа. Одоо тэнгэрт байгаа. Гэхдээ би тэднээс их айдаг. Яагаад гэвэл ээж миний хэлсэн бүх үгэнд итгэдэг. Намайг "Худлаа яриад бай. Юу хийж байгаад ирсэн юм бэ?” гэж шалгаадаггүй. Би"Би урлагийн үзлэг бэлдэж байна” гэвэл ээж яг тэрэнд итгэдэг. Харин ч намайг ядарсан гэж бодоод гэрт хоол хийгээд тавьчихсан байж байдаг. Яг ийм байхаар хүүхэд худлаа ярьж чадахаа байчихдаг юм байна лээ. Үнэнээ хэлдэг. Би одоо ч тийм. Гэхдээ үнэнээ хэллээ гээд өөрийнхөө бүх юмийг тоочоод яриад байдаггүй.

"Жинхэнэ хүч үнэнд оршдог” гэж би сонсож байсан юм байна. Таны хувьд жинхэнэ хүч чадал яг юунд оршдог гэж боддог вэ?
Дотоод сэтгэлд оршдог.

Танд жүжигчин хүнийхээ хувьд бүтээхийг хүсдэг дүр, ажиллахыг хүсдэг уран бүтээл гэж байдаг л байх... Түүнийхээ тухай хуваалцаач?
Жүжигчин хүний урлаж болох бүх л дүр дээр ажиллахыг хүсдэг дээ.

Таны хувьд хайр гэж юу юм бол оо?
Хүнийг хүсэл мөрөөдөлтэй болгодог. Хүнийг хүчтэй болгодог. Бас яг түүн шиг ээ хүнийг хэн ч биш болгодог асар том зүйл.

Нууц авьяас бий юу?
Нууц авьяас гэвэл надад жаахан бичих л авьяас байж магадгүй. Би жаахан байхдаа шүлэг зохиодог байсан. Ээж миний бүх дэвтэрийг хадгалчихсан байдаг юм. Одоо эргээд уншихаар "Паах, би өөрөө зохиосон юм байх даа” гэж бодоод гайхдаг. Энэ авьяас тэр үедээ тодроод дуусчихсан юм уу, эсвэл байхгүй болчихон юм уу, мэдэхгүй. Одоо бол шаардлагатай гэж үзээд ажил болгож юм бичнэ. Гэхдээ учиргүй ундарч гараад л, онгод ороод байдаг юм байхгүй. 

Та өөрийнхөө юугаар их бахархдаг вэ?
Би өвөг дээдэс, удам судраараа бахархдаг. "Би ийм хүмүүсийн үр хойч болоод төрчихсөн юм даа” гээд бодохоор их сайхан байдаг.

Та өөрөө их хүндэтгэл ихтэй хүн юм аа. Гэр бүлээ, удам угсаагаа, урлагийг их хүндэлдэг юм байна гэж би ойлголоо. Хүндэтгэлийн тухайд юу гэж боддог вэ?
Манай гэрийнхэн, дотны найз нөхөд маань надад маш их итгэдэг. Тэдний итгэл нь үнэн байгаад, надад мэдрэгдээд эхлэхээр хүнийг хүндлэхгүй, хайрлахгүй байхын аргагүй. Урлаг надад далавч ургуулдаг. Тийм болохоор би мэргэжилээ бас хүндлэхгүй гээд яах вэ.

Таны хувийн амьдралын талаар сонирхмоор байна. Та найз залуутай юу? Ер нь ямар залуу таалагддаг вэ?
 - Надад хариуцлагатай залуу таалагддаг. Энэ асуултанд ингэж л хариулмаар байна. 

Сүүлийн үед ажиллаж байгаа уран бүтээлийнхээ талаар яриач.
Хоёр жил гэдэг сүүлийн үед орох уу? \инээв\ Сүүлийн хоёр жилийн хугацаанд өөрийнхөө яг зорьсон  уран бүтээлийг бүтээл болгож хүмүүст хүргэчих санаатай хөөцөлдөөд л байгаа \хэсэг дуугүй суув\.  Арван хоёрдугаар сар урлагийн мэргэжилтэй хүмүүст их ачаалал ихтэй байдаг л даа. Тэр хуулийг алдагдуулахгүй гэсэн юм шиг би одоо гурван жүжигт давхар ажиллаж байна. Дэлхийн алдартай сонгодог абсурд болох "Годог хүлээхгүй” жүжгэнд хүчээ сорих гэж байгаадаа маш их баяртай байна. Мөн "Black Box” театрын ээлжит уран бүтээл rock opera-д оролцож байгаа. Хоёулаа энэ сард багтаж нээлтээ хийнэ. Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Найдангийн Ганхуяг багшийнхаа"Алтанхан үүлэнд хоноглосон минь” нэг хүний жүжгийг ирэх гурван сард бэлэн болгох хариуцлагатай ажилд томилогдсон байгааМөн Дамдинхүүгийн Саранхүү захиралтай "Цоглог” интертайнмент хөтлөгч, драмын дугуйланд туслах багшаар ажиллаж туршлага хуримтлуулж байна. Бас бус дэлгэцийн уран бүтээлд оролцсон байгаа. 

Ярилцалагаа өндөрлөе. Өнөөдөр цаг заваа гаргаж ярилцсан танд баярлалаа. Удахгүй болох шинэ оны мэнд хүргэе. Танд ажлын өндөр амжилт хүсье.
Баярлалаа. Та бүхэндээ шинэ оны мэнд хүргэе. Хүсэл бүхэн чинь биелэх болтугай. 

А.Энэрэл
ineemseglel.mn
 

Танд энэхүү нийтлэл таалагдсан бол "ТААЛАГДЛАА" дарж манай сайтыг дэмжээрэй! :)

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ineemseglel.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ ХХЗХ-ны журмыг баримтлан хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 99183593 утсаар хүлээн авна.




ИНЭЭМСЭГЛЭЛ.МН - Энтертайнмент портал!